|

Манила: Түгжрэхийг хүсэхгүй бол төлбөрөө төл

Дэлхийн олон хотууд өнөөдөр нийслэл Улаанбаатар шиг түгжрэлийг шийдэх төгс шийдэл олоогүй ч цаг үргэлж түгжрэл бууруулах олон арга хэрэглэж, шинэ шийдлүүдийг эрэлхийлсээр байна.  Хүн амынх нь тал хувь нь амьдардаг нийслэлчүүдийн хувьд хэдхэн жилийн өмнө тодорхой түгжирдэг цагтай буюу сургууль, цэцэрлэг эхлэх, тарах цагаар түгжирдэг байсан бол бид өнөөдөр бүтэн өдрийн турш түгжрэлд цаг, мөнгөө үрсээр.

Судалгаагаар 2022 онд нийслэлийн хүн амын тоо 1,2 сая байгаа бол 2030 онд 3,9, 2040 онд 4,6 сая болно гэсэн тооцоолол бий. Хүн нэмэгдэхийн хэрээр автомашины тоо, түгжрэл нэмэгдэнэ гэсэн үг. Дэлхийн хамгийн их түгжрэлтэй Колумб улсын Богота хотын жолооч нар түгжрэлд жилд 272 цаг зарцуулдаг бол нийслэлчүүд жилд 717 цагийг түгжрэлд зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл, нэг жилийн амьдралынхаа 717 цагийг бид зөвхөн зам дээр түгжирч өнгөрөөдөг байх нь. Хэрэв одоогийн замын хөдөлгөөн, нийтийн тээвэр, түгжрэлээ цэгцлэхгүй бол 2030 он гэхэд нийслэлчүүд зам дээрээ тэг зогсолт хийнэ гэсэн судалгаа ч гарчээ.

Улаанбаатар хотын автомашины импорт жил бүр хурдацтай өсөн нэмэгдэж буй бөгөөд энэ чигээрээ үргэлжилбэл зам дээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 2025 онд 8 км/ц, 2030 он гэхэд 5 км/ц болж буурна. Улмаар 2040 он гэхэд архаг түгжрэл газар авч, бүтэн өдрийн турш түгжрэх төлөвтэйг Жайкагаас тооцоолжээ.

Филипин улсын нийслэл Манила хот нь түгжрэлээрээ дэлхийд 8-т, Зүүн өмнөд Азидаа 3-т ордог. Манила хот түгжрэлтэйгээ хэрхэн тэмцэж байгаа, бодлогын ямар шийдэл эрэлхийлж байгааг бид энэ удаад онцолж байна.

Филипин улсын Манила хотод 30 сая орчим хүн амьдардаг. Жилдээ 100 гаруй сая жуулчин хүлээн авдаг, аялал жуулчлалын бүс болсон Филипин улсын нийслэл Манилаа хот нь хүн амын хэт төвлөрөл, замын түгжрэлээрээ Азидаа тэргүүлж буй хот. Хүн амын өсөлт, автомашины хэт төвлөрөл, аялал жуулчлалаас шалтгаалаад тус хот түгжрэлтэйгээ тэмцэж, олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил гэхэд “барь бас дахин барь” гэсэн уриатайгаар авто, төмөр зам болон агаар, усан тээврийн дэд бүтцээ сайжруулах зорилго тавин ажиллаж байна. Ялангуяа түгжрэлийг сааруулах богино зайн метро барих, нийтийн тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулж, төлбөртэй замуудыг хувийн хэвшилтэйгээ хамтран барьж, ашиглалтад оруулсан, дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээ гээд олон арга хэмжээг ч туршиж, хэрэгжүүлж, нэвтрүүлжээ.

Газар нутгийн хэмжээгээр жижигхэн учраас Манила хүн амын төвлөрөл буюу даац нь хэтэрсэн, түгжрэлээрээ Азидаа тэргүүлдэг хот.  Хүн амын өсөлт, төвлөрлөөс шалтгаалаад тус хотын замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 3,3 сая тээврийн хэрэгсэл оролцдог. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 2018 оны судалгаагаар Филиппинд замын хөдөлгөөнд өдөр бүр “алдагдах боломж”-оор 3.5 тэрбум стерлинг зарцуулдаг гэж мэдэгджээ. Энэ хэмжээ 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй гэж дүгнэжээ.  Бостон Консалтинг Групп 2017 онд Манилагийн замын түгжрэлээс болж жолооч нар түгжрэлд өдөрт 1 цагийг зарцуулдаг байна.

Манила хотын хөгжлийн газар /MMDA буюу Metropolitan Manila Development Authority/ нь бүх төрлийн тээврийн үйл ажиллагаа, дэд бүтэц, зам талбайн ашиглалт, иргэдийнхээ аюулгүй амьдрах орчныг дэмжих бодлого, төсөл хөтөлбөр боловсруулах, зохицуулалт, хяналт тавих, хөдөлгөөний менежмент хийдэг газар юм. Тус байгууллага нь Замын хөдөлгөөний удирдлагын төвөөрөө дамжуулан Манила хотын замын хөдөлгөөний бүх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад оролцдог гол байгууллага нь юм байна. Манила хотын хөгжлийн газраас богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, авто замын түгжрэлийг бууруулахын тулд олон цогц арга хэмжээнүүд авч эхэлсэн байна. Тухайлбал, Манила хот дахь замын хөдөлгөөнийг боловсролын хөтөлбөр, замын хөдөлгөөний инженерийн үйлчилгээг сайжруулах, замын хөдөлгөөний бүх урсгалыг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа аж. Тухайлбал, замын хөдөлгөөний боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлсэн эхэлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд хувь хүн замын хөдөлгөөнд соёлтой оролцох төрөл бүрийн сургалтын хөтөлбөр боловсруулж, тээврийн холбоодтой хамтран жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт хийх, замын сахилга батыг сурталчлах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сургалт, бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын паркаар дамжуулан танилцуулах сургалтуудыг ч хийдэг байна.

Манила хот түгжрэлээ сааруулахын тулд 2019 оноос метро барих төлөвлөгөөг эхлүүлжээ. Метрог түгжрэл ихтэй уулзвар, коридор, болон дэд бүсүүдэд байршуулах зэргээр 2023-2027 он хүртэл менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж буй.

МАНИЛА ХОТОД Ч ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛДЭГ

Манила хот түгжрэлийг шийдэхийн тулд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийтийн тээвэр зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчих, дугаарын хязгаарлалт, төлбөртэй зам, хурдны галт тэрэг, LRT, MRT гээд бүх төрлийн аргуудыг хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр болон түргэн тусламжийн машин зорчих боломжтой. Ингэхдээ нэгдүгээр эгнээг хайсаар тусгаарлаж, нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг зохицуулдаг. Мөн түгжрэлээ шийдэхийн тулд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэг байна.

Дугаарын хязгаарлалт нь нийтийн тээвэр, такси үйлчилгээ, мотоцикл болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд үйлчилдэггүй.

ТҮГЖРЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БОЛ ТӨЛБӨРТЭЙ ЗАМААР ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ

Нэгэнт хүн амын нягтаршил өндөртэй, автомашины тоо их учраас автозамын сүлжээг нэмэгдүүлж, төлбөртэй замуудыг бий болгожээ. Тодруулбал, автомашины хөдөлгөөнд оролцохын тулд жолооч түгжрэлгүй явахыг хүсвэл төлбөртэй замаар зорчино.  1 цаг 30 минут явж очих газарт төлбөрөө төлөөд 30 минутын дотор очих боломжтой. Төлбөрийн хувьд км-ээсээ шалтгаалаад 2500-4000 төгрөг үнэтэй. Тус хотын зүгээс төлбөртэй замуудыг хувийн хэвшлийн компаниудад “даатгадаг”. Өөрөөр хэлбэл, төлбөртэй замыг хувийн хэвшлийн компаниуд нь барьж, замын төлбөрөө ч өөрсдөө авдаг байна. Манила хотын нэг өдөрт замын хөдөлгөөнд оролцдог 3,3 сая автомашинаас 500 мянга орчим нь төлбөртэй замыг сонгодог аж.

Азидаа түгжрэлээрээ тэргүүлдэг Манила хотын хувьд түгжрэлээ бууруулахын тулд олон арга хэмжээ хэрэгжүүлж буй ч автомашины тоо, хүн амын тоо жилээс жилд өсч байгаа учраас түгжрэлийг нэмэгдүүлэхгүй байх зарчим баримталж байна.  Манила хотын иргэдийн хувьд түгжрэлтэйгээ “эвлэрчихсэн” учраас төрөөс түгжрэлтэй холбоотой, замын хөдөлгөөний газрын хэрэгжүүлж буй арга хэмжээ хэрэгжүүлэхэд эсэргүүцэл үзүүлдэггүй, шаардлагатай тохиолдолд олон нийтээс санал авч хэрэгжүүлдэг юм байна.

Яг л өнөөдрийн нийслэлд авч хэрэгжүүлж буй түгжрэлийг сааруулах, бууруулах олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түгжрэлийг нэмэгдүүлэхгүйн тулд татварын бодлого, төлбөртэй зогсоолууд, нийтийн тээврийн парк шинэчлэл, зах худалдааны төв дагасан хэт төвлөрөлийг сааруулах, татвар төлбөрийн хураамж гээд олон ажлыг хийж хэрэгжүүлж буй. Түгжрэлийг нэг л өдөр арилгахгүй ч шат дараатай, зөв төлөвлөгөөтэй шийдвэрүүд маш чухал байгааг Манила хотын жишгээс харж болох нь.

                Ш.ЧИМЭГ  Эх сурвалж: News.mn   Үргэлжлэл бий

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments